子供の歯科健康を重視

Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал юм. Ялангуяа эцэг эхчүүд, насанд хүрэгсэд  энэ тал дээр илүү өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй.

Монгол улсын  хэмжээнд  5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94%, 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84% байна.

Хүүхдийн дунд зонхилж буй амны хөндийн өвчлөл нь шүдний цоорол түүний хүндрэлүүд, шүдгүйдэл зэрэг байгаа юм. Цоорол үүссэн үед эмчлэхгүй удаан явсны улмаас цоорлын хүндрэлүүд үүсч үрэвсэж, хавдаж, идээлж буглаж эхэлдэг.  Бүр илүү хүндэрвэл ясны үрэвсэл ч болох аюултай. Сүүн шүдийг эрт авхуулсанаар шүдний эгнээний согог үүсч улмаар байнгын шүдний шүдлэлтэнд нөлөөлж эрүү нүүрний гажиг үүсгэх 1 хүчин зүйл болдог байна.


Зөвлөгөөг: Г.Хонгорзул  /Мираи Дэнт шүдний эмнэлгийн эмч, Анагаах Ухааны Доктор, Хүүхдийн их эмч/

Шүдний цоорол нь нянгийн гаралтай өвчин бөгөөд амны хөндийд 1 цоорхой шүд байхад бусад шүдээ өвчлүүлэх эрсдэлтэй бөгөөд цоорол үүсгэгч нян нь зөвхөн цоорол үүсгээд зогсохгүй биеийн бусад эд эрхтний өвчлөлүүдийг (бөөрний дутагдал, ангина г.м) үүсдэг байна.

Гэхдээ шүдний цоорол нь урьдчилан сэргийлэх, эмчлэгдэх боломжтой өвчин юм. Тиймээс Мираи Дэнт эмнэлгээс 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдийн шүдний эрүүл мэндэд анхаарах зүйлсийн талаар товч мэдээлэл бүхий урилгыг гаргаж байгаа юм.

Нэг дүгээрт эцэг эхчүүд өөрийн, мөн хүүхдийнхээ шүдийг сайн угаах хэрэгтэй. Хүүхэд эцэг эхээ л дуурайдаг. Тиймээс өглөөний цайгаа уусны дараа, орой унтахдаа угаалгын өрөөндөө “хүүхэдтэйгээ хамт” шүдээ угааж , зөв дадал зуршил суулгах хэрэгтэй.

Хоёр дугаарт хүүхдэд насанд нь тохирсон хатуулагтай, зөв хоол хүнсийг өгөх хэрэгтэй. Чихэрлэг хүнс, ундааны хэрэглээг багасгаж, эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэснээр хүүхдийн шүд бат бөх, зөв хөгжилтэй байх болно.

Гурав дугаарт хүүхдээ болон өөрийгөө тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй. Дунджаар 6 сар тутамд эмчийн үзлэгт хамрагдсанаар урьдчилан сэргийлэх, мөн өвчлөлийг бага дээр нь оношлон эмчлэх боломжтой. Цоорлоос урьдчилан сэргийлж фтор түрхүүлснээр шүдийг эрдэсжүүлэн, бат бөх байдлыг хангадаг байна. Мөн шүдний цоорлыг бага дээр нь эмчлэх юм бол хүүхдэд айдас багатай, өвдөлт багатай байна. Энэ нь эргээд эцэг эхэд стресс багатай мөн эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм.